АНУ-ын Нью-Йорк хотноо 2024 оны 8 сарын 30-наас 10-р сарын 20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй 5,000 км буюу 3,100 милийн Шри Чинмойн нэрэмжит "Өөрийгөө ялах" хэт холын зайн гүйлтийн 28 дахь удаагийн тэмцээнд МУ-ын тамирчин, зургаа болон арав хоногийн хэт холын зайн гүйлтийн олон улсын тэмцээний 20 удаагийн аварга Бямбаагийн Буджаргал хурд хүчээ сорьж байна.

Шри Чинмойн хэт холын зайн гүйлтийн төрөл тэмцээнд оролцогчид нийт 52 хоногийн дотор замаа гүйж туулах ёстой бөгөөд дэлхийн рекорд нь 40 хоног есөн цаг юм.

Гүйлт өдөр бүр 6:00 цагт эхэлж, 00:00 цагт дуусдаг. Манай улсын тамирчин, ОУХМ Б.Буджаргал 40 хоногт 5,000 км зам туулж, Дэлхийн рекордыг эвдэх зорилготойгоор өрсөлдөж байгаа юм. Тэмцээн эхэлснээс хойших 19 дэх өдөр тэрээр 1997.2 км зам туулж, 7-р байрт явж байна. Харин өнөөдөр буюу 20 дох өдөр 2080 км туулсан байна. Тэмцээн дуусахад 32 хоног үлджээ.

Тухайн тэмцээнд Австрали, Итали, Финланд, Швейцар, Украин, Молдова, ОХУ, Словак, Тайвань, Монгол зэрэг улсын шилдэг тамирчид оролцож байна. Уг тэмцээнийг дуустал Дэлхийн нэр хүндтэй “New York Times”, “Wall Street Journal”, BBC зэрэг мэдээллийн хэрэгслээр дамжуулах юм.

Тэмцээний өрнөлийг https://3100.srichinmoyraces.org/ сайтаас Нью-Йоркийн өглөөний 6 цагаас шөнийн 12 цаг хүртэл үзэж болно.