Улаанбаатар хотод ирэх бямба гарагт буюу есдүгээр сарын 21-нд автомашингүй өдрийг зохион байгуулах гэж байна. Ингэхдээ төвийн байршлуудад авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, 20 зах, худалдааны төвийг амраах нь. Сүхбаатарын талбайд болох нэгдсэн арга хэмжээний хүрээнд төвийн зургаан дүүргээс асар барьж, үйл ажиллагаагаа явуулах юм байна.

Автомашингүй өдөр 07-18 цагт дараах замуудыг хааж, өмнөх жилүүдтэй адилхан түвшинд хөдөлгөөнийг түр хязгаарлаж, цагдаагийн албан хаагчид хяналт тавьж ажиллана.

Хойд: СУИС, Хүнсний IV дэлгүүрийн уулзвар

Зүүн: Дарь-Эхийн уулзвар, Сансрын тунель, Зүүн 4 зам, Бөхийн өргөө

Урд: “Шангрила”, Хүүхдийн ордны уулзвар

Баруун: “Өгөөж”, Баруун 4 зам, “Бөмбөгөр” худалдааны төв, Гэсэр сүмийн уулзвар

Зам хааж байгаа 310 орчим цэгт 360 гаруй алба хаагч ажиллах аж. Тээврийн хэрэгслүүдийг Их тойруугаар тойруулах, Сүхбаатарын талбай болон Бага тойруугаар эргэлт хийж байгаа тээврийн хэрэгсэл бүгд богино эргэлтээр хөдөлгөөнд оролцоно. Нийт 41 чиглэлийн 345 тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд өөрчлөлт оруулахаар маршрутыг төлөвлөжээ. Маршрутад өөрчлөлт оруулсан ч амралтын өдөр ажилладаг 945 тээврийн хэрэгслийн тоонд өөрчлөлт орохгүй учир иргэд саадгүй зорчих боломжтой гэнэ. Мөн хаасан авто замуудад цахилгаан мотоцикл, дугуй, скүүтэр, суррон зэргийг хөдөлгөөнд оролцуулахгүй юм байна. Автомашингүй өдөр Улаанбаатар хотод үүлэрхэг өдөртөө 15° хэмийн дулаан байх нь.

“Итгэл, найдвар, боломж Улаанбаатар марафон-2024” болно

Энэ удаагийн автомашингүй өдрөөр гүйлтийн спортоор дамжуулан хөгжлийн бэрхшээлийн талаар олон нийтийн хандлагыг өөрчлөх, ийм иргэдийг дэмжиж өөртөө итгэх итгэл, найдвар төрүүлэх, нийгмийн харилцааг нь нэмэгдүүлж, эрүүл, тэгш хүртээмжтэй орчин бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор зохион байгуулах “Итгэл, найдвар, боломж Улаанбаатар марафон-2024” болох юм. Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүн монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд уг марафоныг анх удаа зохион байгуулах гэж байна. Марафонд бүртгүүлэхдээ www.achilles.marathon.mn хаягаар хандаарай.

“Итгэл, найдвар, боломж Улаанбаатар марафон-2024” хөтөлбөртэй танилцаарай.

Б.ЧОЙЖАМЦ