Нийтийн тээврийн бодлогын газар энэ чиглэлээр үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж хамтран уран жолоодлогын тэмцээн “Монгол наадам” цогцолборт боллоо. Энэхүү уралдааныг нийтийн тээврийн салбар үүссэний 55 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан юм. 11 аж ахуйн нэгжийн 16 багийн 85 жолооч оролцсон уг тэмцээн нь тэдний нарын ур чадварыг нэмэгдүүлэх, ямар нэгэн саад бэрхшээл тохиолдсон үед шуурхай арга хэмжээ авах, аюулгүй байдлыг хангах дадал суух, бусдаасаа суралцах, туршлага судлах гэх мэт олон талын ач холбогдолтой. Ур чадварын тэмцээний үеэр эмэгтэй жолооч нар саадыг сүлжиж, зогсоолд байрлуулах зэрэг зүйлсээр эрэгтэйчүүдээс илүү байгааг илтгэсэн бичлэг нийгмийн сүлжээнд түгээд байна.
Тус тэмцээний дүн одоогоор гараагүй байгаа юм. Учир нь ур чадварын үнэлгээнээс гадна уг уралдаанд оролцсон жолооч нарын ажлын өдрийн бичлэгийг хянаж, бэлэн мөнгө авсан, зогсоолгүй газар зогссон болон тамхи татсан, эсэх зэргийг шалган, ёс зүйн алдаа гаргаагүй байхыг гол шалгуур болгох гэнэ.