Дэлхийн өнцөг булан бүрд хадгалагдаж буй Монголын эзэнт гүрний нөлөөллөөр бий болсон урлагийн бүтээлүүдийг нэг дор цуглуулсан “Art of the Mongol World” үзэсгэлэнг ИБУИНХУ-ын Эзэн хааны Урлагийн академид зохион байгуулахаар боллоо. Өнгөрсөн оны 11 дүгээр сард ССАЖЗ-ын сайд Ч.Номин ИБУИНХУ-ын Лондон хотноо Эзэн хааны Урлагийн академийн удирдлагуудтай байгуулсан хамтарсан санамж бичгийг үндэслэн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, Урлагийн газар тус академитай өнөөдөр “Хамтын ажиллагааны гэрээ” байгууллаа. ИБУИНХУ-ын Лондон хотын Эзэн хааны Урлагийн академийг төлөөлж тус академийн Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч захирал Майкл Элдрэд, Монгол Улсаас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, Урлагийн газрын дарга Н.Мөнхзул нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, бусад албаныхан байлцав. Хамтын ажиллагааны хүрээнд жил бүр 1.2 сая жуулчин зорин очдог, Британийн урлагийн ертөнцийг өнгө төрхийг тодорхойлогч 250 жилийн түүхтэй, дэлхийн хамгийн том дүрслэх урлагийн үзэсгэлэн зохион байгуулж ирсэн Эзэн хааны Урлагийн академид гурван сарын турш Монголын эзэнт гүрний нөлөөгөөр бий болсон урлагийн бүтээлүүдээр үзэсгэлэн зохион байгуулахаа өнөөдөр ийнхүү албажууллаа. Хамтран зохион байгуулах энэхүү үзэсгэлэн нь Франц Улсад дэлгэгдсэн “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнгийн удаад тооцогдох, Монгол Улсыг урлагаар дамжуулан олон улсад эергээр сурталчлах томоохон ажлын нэг болно.