Жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-ныг дэлхий даяар Хүний эрхийн олон улсын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жилийн Хүний эрхийн олон улсын өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн, Хүний эрхийг хангах Ажлын хэсгийн гишүүн А.Ариунзаяатай ярилцлаа.
-УИХ-аас хүний эрхийн асуудалд онцгой анхаарах гишүүдийг томилсны нэг нь та. Ажлын хэсэг ямар ажил амжуулж, аль чиглэлд түлхүү анхаарч байна вэ?
-Уншигчдад сонирхолтой байх үүднээс түүх сөхвөл, Монгол Улсын Засгийн газар 1993 онд Вена хотноо болсон НҮБ-ын Хүний эрхийн дэлхий дахины Бага хуралд оролцохдоо хүний эрхийг дээдэлье гэдэг амлалт өгч Хүний эрхийг хангах үндэсний баримт бичиг батлан хэрэгжүүлэх тухай тунхаглалд нэгдсэн байдаг. Үүнээс улбаалан Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг боловсруулаад 2003 онд УИХ-ын 41 дүгээр тогтоолоор баталсан. Ингэснээр бүхий л төрийн байгууллагууд Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүргийг хуулийн дагуу хүлээсэн гэж хэлж болно.
Харин 2003 онд буюу 20 гаруй жилийн өмнө батлагдсан Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт ямар байгааг 2011, 2022 онуудад Хууль зүйн яамнаас тусгайлан дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, хөтөлбөрийг баталснаас хойшхи 10 жилийн хугацаанд байгууллагуудын уялдаа холбоог хангах Ажлын албатай байсныг татан буулгасан буюу 2013 оноос хойш эзэнгүйдсэн гэж хэлж болно. Хэдийгээр хууль баталсан ч гэсэн төрийн захиргааны байгууллагууд буюу Засгийн газрын сайд нар тогтворгүй, түүнийг дагаж боловсон хүчин солигдож байгаа нь төрийн бодлого тогтворгүй байна гэж дүгнэсэн. Нөгөө талаас 2003 онд 20 гаруй жилийн өмнө баталсан энэхүү хөтөлбөрийн ач холбогдол өнөө цагт бүдгэрсэн. Цаг үетэй уялдуулан шинэчлэх, зарим зүйл заалтыг өөрчлөн томьёолох хэрэгцээ шаардлага байгаа гэж үзсэн. Тиймээс УИХ-ын 2023 оны тогтоолоор Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг шинэчлэх ажлын хэсгийг өнгөрсөн жил Хүний эрхийн үндэсний комисс дээр байгуулсан.
ХЭҮК нэг жилийн хугацаанд ажиллахдаа орон нутаг, судлаачид зэргээр олон талын саналыг тусгаж Хүний эрхийг хангах үндэсний хоёрдугаар хөтөлбөрийг боловсруулсныг Олон улсын хүний эрхийн өдрөөр буюу арванхоёрдугаар сарын 10-нд олон нийтэд танилцуулахаар бэлтгэж байна.
-Энэ удаагийн парламент гишүүдийн тооноос эхлээд онцлогтой. Мөн ирэх дөрвөн жил хэрхэн ажиллахаа тодорхойлчихлоо. Хүний эрхийн асуудлыг хэр хэмжээнд чухалчлан авч үзсэн бэ?
- Парламент бол хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцооны нэг хэсэг учраас өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэх цаг болсон хэмээн дүгнэж анхны 126 гишүүнтэй УИХ стратегиэ баталсан.
Ингэхдээ УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн баримталсан ерөнхий концепц бол Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа хууль тогтоомжууд хүний эрхийг дээдэлсэн байх ёстой гэж үзэж голлох салбарууд руу чиглэсэн 54 ажлын хэсэг байгуулаад байна. Өөрөөр хэлбэл, хууль тогтоомжид үнэлгээ дүгнэлт өгч хүний эрхийг хангасан, хүндээ чиглэсэн байдлаар дүгнэлт хийх, шинэчлэх үүрэг даалгавар бүхий Ажлын хэсгүүд ажиллаж байна. Ер нь бол шинэ парламентын гол чиг үүрэг бол хүний эрхийг дээдэлсэн, хүндээ ээлтэй хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлд онцгойлон анхаарч байгаа. Энэ ч утгаараа Хүний эрхийн олон улсын өдрийг энэ жил урьд өмнөхөөс өргөн хүрээнд тэмдэглэж, олон нийтэд ойлголт мэдээлэл хүргэхээр Ажлын хэсэг байгуулагдсан нь ч ийм учиртай.
УИХ-ын дарга Олон улсын хүний эрхийн өдөрт тусгайлан анхаарч ач холбогдол өгч Ажлын хэсэг байгуулсныг дээр дурьдлаа. Тэр дундаас онцлон тэмдэглэхэд, хүний эрхийг хангахдаа гурван чиглэлээр парламентын төгөлдөршлийг бий болгоно гэж төлөвлөөд байгаа. Нэгдүгээрт, хүний эрхэд чиглэсэн, хоёрдугаарт цаг үеэ олсон, шуурхай зохицуулалтыг бий болгох ёстой. Өөрөөр хэлбэл, эрх зүйн зохицуулалтгүйгээс болж иргэд хохирох ёсгүй. Тиймээс хууль тогтоомжийн хүрээнд мэдрэмжтэй, хүний эрхийг дээдэлсэн байх ёстой гэж үзэж байгаа. Гуравдугаарт, хуулиас давсан журмуудаар хүний эрхийг зөрчиж байгаад анхаарах зайлшгүй шаардлагатай. Эдгээр өөрчлөлтийг хийхэд энэ удаагийн УИХ онцгой анхаарч ажиллаж байна.
-Энэ жилийн Олон улсын хүний эрхийн өдөрт парламент нэлээн ач холбогдол өгч байгаа харагдлаа. Хүний эрхийн сургагч багш бэлтгэх ач холбогдлыг юу гэж харж байгаа вэ?
-ХЭҮК бол УИХ-аас томилогддог чухал үүрэгтэй байгууллага. Комисс өргөдөл гомдлын мөрөөр ажиллахаас гадна хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангадаг төрийн тусгай бүтэц. Энэ байгууллагад парламент хүч нэмж ажиллаж байгаа. Олон улсын хүний эрхийн өдрөөр хэлэлцүүлгүүд өргөн хүрээнд зохион байгуулагдахаас гадна хүний эрхийн сургагч багш нарыг бэлтгэж байна.
Иргэдийн оролцоотойгоор хүний эрхийн хөтөлбөрийн төслийг боловсруулж, батлуулах, хэрэгжүүлэх чухал байна. Хүн төвтэй, хүнд ээлтэй эрх зүйн орчин, бодлоготой байхын тулд залуучуудын оролцоо их хэрэгтэй гэж үзсэн учраас эхний ээлжинд 100 гаруй оюутан залуусыг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэж байна.
Үндсэндээ салбар бүрийн хүмүүс өөрсдийнхөө онцлогт тохирсон арга барилаар хүний эрхийн ойлголтыг өгөх юм. Тухайлбал, Хууль зүйн сургуулийн 100 оюутанг сургагч багшаар бэлтгээд үе тэнгийн залуустаа хүний эрхийн талаарх ойлголт мэдлэгийг зааж сургаач ээ гэж байгаа юм. Сургагч багш нар маань хүний түгээмэл эрх гэж юу болох, хүний эрхийг хэрхэн дээдлэх, хүндэтгэх ёстой вэ зэргээр салбарын онцлог, барилаараа хүний эрхийн ойлголт мэдлэгийг түгээнэ.
-Хүний эрхийг хангах үндэсний хоёрдугаар хөтөлбөрийн драфт бэлэн болсон гэж ойлголоо. Орхигдуулж болохгүй заалт онцлох амин сүнсийг хэрхэн харж байна вэ?
-Хүний эрх гэдэг зөвхөн цаасан дээр бичигдээд үлддэг зүйл биш. Хүн бүр, ялангуяа бага наснаасаа ойлгож хэрэгжүүлж өдөр тутмын амьдралдаа мөрддөг байх учиртай. Хамгийн гол нь хүний эрх гэж юу вэ гэдгийг ойлгож мэдэж байж хэрэгжүүлж мөрдөх боломжтой. Ерөнхий дүр зургаараа бол бид олон зүйл дээр эрхээ мэддэг боловч үүргээ ухамсарладаггүй. Миний эрх бусдын эрхээр хязгаарлагдана гэдгээ хүн бүхэн ойлгодог байх хэрэгтэй.
Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн бас нэг ач холбогдол бол хүний эрхийн асуудлыг салбар тус бүр, байгууллага болгон өөрсдийн хүрээнд харж ойлгоод байгаагаас биш томоор, ерөнхий дүр зургаар харж хэрхэн уялдаа холбоотой ажиллах вэ гэдэг тал дээр хангалтгүй байгаа. Эрх зүйн зохицуулалт ч дутмаг байгааг үгүйсгэхгүй. Тиймээс хөтөлбөрөөр дамжуулж төр, иргэд, олон нийт, төрийн бус байгууллага, иргэний нийгэм гээд бүхий оролцогчийг нэг ойлголттой болгохыг зорьж байна. Мөн УИХ-аар баталж байгаа учраас хуулийн нэгэн адил хүчин төгөлдөр гэдгийг ойлгож бүх нийтээрээ мөрдөх өндөр ач холбогдолтой баримт бичиг юм.