Орфей театрын ээлжит уран бүтээл болох “Амьдрахуй” драмын жүжиг ирэх сарын 1-ээс өдөр бүр Соёлын төв өргөөний тайзнаа үзэгчдийн хүртээл болно. Тус драмын жүжгийг БНХАУ-ын алдарт зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” романаас сэдэвлэжээ. Энэхүү роман нь амьдрахын сайхныг тэр дундаа баяр баясал, зовлон гуниг, хайр, гэр бүл, тэнэглэл, томоогүй байдал гээд бүхий л зүйл сүлэлдэж амьдрахуй болдгийг өгүүлдэг аж.
Тус жүжгийн найруулагчаар Мягмарнарангийн Батболд, продюсераар Төмөрсүхийн Ариунчимэг ажиллажээ. Харин жүжгийн зохиолчоор “Тагтаа” хэвлэлийн газрын орчуулагч, яруу найрагч Мөнхцолын Батбаяр ажилласан байна. Тэрээр Үй Хуагийн “Амьдрахуй”, “Цусаа худалдсан тэмдэглэл”, “Вэн хот” зэрэг зохиолуудыг монгол хэлнээ яруу сайхнаар хөрвүүлэн уншигчдад хүргэжээ.
Жүжгийн гол дүрүүдэд МУГЖ Д.Баттөмөр, Д.Ганцэцэг, залуу жүжигчин Г.Отгонбат, Б.Должинсүрэн, дүрүүдэд , АЖ Г.Мягмарнаран, МУГЖ Ц.Төмөрбаатар, Б.Нармандах, мөн М.Мөнхбат, Б.Оюунбаатар, Б.Одгэрэл, Ө.Мөнгөнтулга, Д.Мөнхтөмөр, Ц.Төгсбилэгт нар тоглох аж. Офрей театр нь Монгол улс болон БНХАУ-ын хоорондын дипломат харилцаа тогтсоны 75 жилийн ойд зориулан энэхүү жүжгээ толилуулах юм байна.