Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигт сонирхолтой өрсөлдөөн үзүүлэх болсон “Сэлэнгэ бодонс” болон “Эс Жи Эйпс” багийн энэ улирлын хоёр дахь учраа өнөөдөр “Юу Жи Арена”-д 20.40 цагт болно. “Сэлэнгэ бодонс” багийн эзэн Л.Наранбаатар болон “Эс Жи Эйпс” багийн О.Мөнхжин нар лиг эхлэх үеэр аман тохиролцоогоор 20 сая төгрөгийн мөрий тавьжээ. Хоёр баг улиралд хоорондоо гурван удаа тоглох хуваарьтай байгаа бөгөөд эхний тоглолт Дархан-Уул аймгийн “Дархан юнайтэд арена”-д өнгөрсөн аравдугаар сарын 26-нд болсон. Тухайн тоглолтод 80-72 харьцаатай “Сэлэнгэ бодонс” эхний хожлоо авсан юм. Өнөөдрийн тоглолтод тэд хожиж, Л.Наранбаатар 20 сая төгрөгийн эзэн болох уу.
Энэ жилийн лигийн тоглолт эхэлсэн цагаас дээрх хоёр багийн хооронд сонирхолтой солилцоо, наймаа болон өөр бусад асуудал ч багагүй өрнөсөн. Зуун саяар зарагдсан А.Базаргүр болон “Эс Жи Эйпс” багтай асуудалд орон “Сэлэнгэ бодонс”-д очсон Б.Энхсайхан, Э.Цэрэнбаатар, Н.Батбаяр зэрэг олон зүйлээр тэд нягт “холбогдоод” байгаа билээ.