Монголын анхны мультимедиа агентлаг “Mongoliapress” Монгол үндэсний өв соёлыг тээж яваа хүчит бөхчүүдийг онцолдог “Монгол бахархал” булангийнхаа ээлжит  зочноор Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат аймгийн арслан М.Баасанжавыг урьж ярилцлаа.

-Аливаа спортод урт хугацаанд тууштай амжилт гаргахад бэлтгэл сургуулилтаас гадна суурь хүмүүжил хамгийн чухал. Таны хувьд багаасаа эмээ дээрээ өссөн гэж сонссон?

-Арван жилийн сургуулиа төгсөх хүртлээ эмээ дээрээ өссөн. Манай эмээ бурхан болчихсон. Бага байхад бүх хичээл номыг маань хийлгэнэ. Настай хүн их намбалаг шүү дээ. Би ч гэсэн эмээгээ дуурайгаад намбалаг болсон гэж боддог. Эмээ маань миний хүү тэгээрэй ингээрэй гээд надад маш их хайртай байсан. Хөдөө эмээтэйгээ гэрээ хараад суух үе их сайхан дурсамж болж үлдэж дээ. Яг л миний ээж шиг, хоол идээд эмээдээ эрхлээд сууж байх чинь их гоё шүү дээ.

-Үндэсний бөхийн спортод хэрхэн хөл тавьж байв. Багаасаа бөх болох сонирхолтой байв уу?

-Багадаа бол бөх болох сонирхолгүй байгаагүй. Арай өөр зорилготой байсан л даа. Гэхдээ одоо бодоход цаанаасаа л бөх болох байж дээ гэж боддог. Нутгийн ах маань дагуулж ирээд үндэсний бөхийн хөтөлж оруулж байлаа.

-Бөхийн спортод их богино хугацаанд сумын заанаас аймгийн арслан болж цахиур хагалж гарч ирсэн. Ийм тохиолдол тийм ч элбэг биш байх. Аав, ээж хоёр талаасаа хоёулангаас нь бөхийн удамтай юу?  

-Манай ээжийн тал бөхийн удамтай. Аав маань сумын цолтой. Харин улс, аймгийн цолтой хүн байхгүй. Дээхэн үед залуу бөхөөс улсын цолтон болсон гэвэл манай багш бий. Мөн 21 насандаа улсын арслан, харцага, арван хэдэн настайдаа аймгийн арслан болсон тохиолдлууд ч бий. Тиймээс энэ нээх өндөр амжилт биш байх аа гэж бодож байна.

Анх намайг аймгийн арслан цол хүртэхэд аав маань хамгийн их баярлаж хүлээж авсан. Тухайн үед хөдөө сүлжээгүй уулан дээр морьтойгоо гараад шууд дамжуулалт үзсэн. Аав маань хамгийн ихээр баярласан болов уу. Манай аав тийм яриасаг биш л дээ. Миний хүү өөрөө мэд ээ гээд л байж байдаг төрлийн намбалаг хүн.

-Монгол бахархлын өдрийн барилдаанаар улсын цолтой аварга арслангуудыг өвдөг шороодуулсан нь бөх сонирхогчдыг шуугиулаад амжсан. Яг тэр үеийн мэдрэмж, барилдааны сэтгэл зүйгээ хуваалцаач?

-Том цолтой бөхчүүдтэй барилдаад давах мэдээж их гоё. Өргөө дүүрэн хүн алга ташиж баяр хүргэж байгаа нь үнэхээр сайхан мэдрэмж төрүүлсэн. Нутаг усныхаа нэрийг мөн шинэхэн аймгийн арслан болоод анх удаагаа цолоо дуудуулах мэдрэмж их таатай байсан. Том цолтой бөхөд ялагдлаа гээд сэтгэлээр унахаас илүү хийморь сэргээд ирдэг дээ.

-Бөхийн спортод хөл тавьсан маань их зөв зүйл боллоо гэж бодсон үе байгаа юу. Байвал хэзээ тийм мэдрэмж төрч байсан бэ?

-Өргөөнд түрүүлж үзүүрлэж байхад итгэл найдвар төрж байсан. 500-600 сумын зааны барилдаанд би түрүүлчихлээ. Нээрээ боломж байгаа юм байна гэсэн итгэл найдвар төрсөн.

-Өдөрт хэдэн цагийн бэлтгэл сургуулилт хийдэг вэ?

-Долоо хоногийн зургаан өдөр, 3-4 цаг тасралтгүй бэлтгэлээ хийдэг. Миний хувьд Үндэсний бөхийн бэлтгэлээ арай бага цагаар хийгээд штанк түлхүү хийдэг. Цээж хоёр зуу хүргэж байсан. 180-200 түлхдэг. Таталтыг 200 гаргаад 20, 20, 40 гээд л, нээх их хүндээр татъя гэж бодоод байдаггүй.

-Аль ч спортын төрөлд сэтгэл зүй маш чухал. Барилдаанд гарахдаа сэтгэл зүйтэйгээ хэрхэн ажилладаг вэ. Ялангуяа, наадам дөхсөн үед сэтгэлзүй тогтворгүй болчихдог гэж бөхчүүд ярьдаг?

-Наадам бол бүтэн жилийнхээ хөдөлмөрийг үнэлүүлэх торгон мэдрэмж шүү дээ. Тусалж дэмждэг ах нар, компани бүх зүйлээр хангаж байхад цол авахгүй байх нь маш хүнд хэцүү мэдрэмж төрүүлдэг. Ихэнх бөхчүүд цол боддог байх.  Би ч гэсэн адилхан цолоо ахиулъя гэж бодож хааяа бухимдах үе гарна. Цолоо ахиулахгүй бол яана даа гэсэн бодол бөх болгонд л байдаг. Тиймээс аль болох бодохгүй тайван сайхан бэлтгэлээ хийхийг хичээдэг.

-Ер нь үндэсний бөхөд үнэнчээр үлдэх шалтгаан хэлээч гэвэл юу хэлэх вэ?

-Хөвсгөл аймаг Баянзүрх сумынхаа улсын цолтой бөхийн тоог нэгээр ч болов нэмэх хүсэлтэй л байна. Тэр зорилгодоо хүрэхийн тулд өнөөдөр ч гэсэн бэлтгэлээ хийгээд явж байна.

-Монгол үндэсний бөхийг ямар үнэ цэн, өв соёлыг тээдэг гэж бодож явдаг вэ. Залуу хүний хувьд бөх хүний мөн чанарыг юу гэж боддог вэ?

-Бөх бол агуу том соёл. Дэлхийд ганцхан Монгол Улсад л бөх байгаа шүү дээ. Сурталчилж олон нийтэд өв соёлоо таниулж дэлгэрүүлж яваадаа ихээхэн баяртай байдаг.