Цагдаагийн байгууллагаас “Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв”-тэй хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 43 дугаар зарлигийн хэрэгжилтийг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэн, аж ахуй нэгж, байгууллагад шинэ жилийн баярыг тэмдэглэхтэй холбогдуулан гарч болзошгүй гэнэтийн осол, гэмтэл, хөлдөлт, осголт зэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 31-ний өдрийг хүртэл хугацаанд “Хэтрүүлээд хэрэггүй” арга хэмжээг зохион байгуулж буй.

Шинэ жилийн баяр ёслолын арга хэмжээг байгууллага, хамт олноороо ажлын үр дүн, ололт амжилтаа тодорхойлж, шилдгүүдээ шалгаруулан өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулдаг.

Энэ үеэр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас гэмт хэрэг, зөрчил, осол, гэмтлийн талаарх мэргэжлийн байгууллагад ирэх дуудлага, мэдээлэл эрс нэмэгдэж, иргэд осгох, эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдлууд ихээр бүртгэгддэг.

Мөн айл өрх шинэ жилийн баярыг тохиолдуулан гацуур модыг өргөнөөр засаж, цахилгаан хэрэгсэл хэт ачаалж, халалт үүсгэсний улмаас гал алдах, угаартаж амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдлууд бүртгэгддэг. Иймд энэхүү арга хэмжээ нь иргэд, олон нийтэд архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ, буруу зуршлаас үүдэлтэй нийгэм, хувь хүнд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, иргэдийн амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хангах, зөв хандлага, соёл, хэрэглээг төлөвшүүлэхэд уриалж, сурталчлан таниулахад чиглэж байгаа юм.

Тус арга хэмжээний хүрээнд Цагдаагийн байгууллагаас төв, орон нутгийн хэмжээнд архи, согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээнд холбогдох хууль, дүрэм журмын хэрэгжилтийг хангах чиглэлээр нэгдсэн хяналт, шалгалт зохион байгуулж ажиллана. Мөн Тээврийн цагдаагийн албанаас улсын хэмжээнд 925 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар замын хөдөлгөөний хяналт шалгалт хийнэ.