Өнгөрсөн орой “Юу Жи Арена”-д орчин цагийн шинэ өрсөлдөөнийг эхлүүлээд буй Л.Наранбаатар эзэнтэй “Сэлэнгэ Бодонс” болон О.Мөнхжин эзэнтэй “Эс Жи Эйпс” багуудын энэ улирлын хоорондын хоёр дахь учраа болж өндөрлөлөө. Тухайн тоглолтод эхний үеэс “Эйпс”-ийн залуус тоглолтын хэмнэлийг гартаа аван улмаар 80-73-ийн харьцаатай буулган авснаар улирлын хоорондын учраагаа 1:1 болгон тэнцүүллээ. Тухайн тоглолтод “Эйпс”-ийн шинэхэн цэрэг Дэн Акоут 18 оноо 15 самбар авч багтаа том хувь нэмэр орууллаа. Харин нөгөө талаас хэдийнээ “Эйпс”-ийн эсрэг тоглоод сурчихсан Женталл Силлаа бүх тоглогчдыг 26 оноогоор тэргүүлсэн тоглолт болж өндөрлөлөө. Ингэснээр хоёр багийн хайнаа хагалах тоглолт ирэх хоёр дугаар сард болох хуваарьтай байна.
Талбай дээрх өрсөлдөөний хажуугаар багийн эзэд ч мөн адил өрсөлдсөн хэвээр байгаа юм. Ирэх хоёр дугаар сард эздүүдийн хоорондын мөрий хэнд очих вэ гэдэг асуултын хариулт тодрох болно.