Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк хамтран эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй хүргэх төслийг 2019 оноос хэрэгжүүлж буй. Уг төслийн хүрээнд тус банкны хөнгөлөлттэй зээлээр Хан-Уул болон Чингэлтэй дүүрэгт жишиг нэгдсэн эмнэлэг барих юм. Хан-Уул дүүрэгт барих нэгдсэн эмнэлгийн тендерт БНХАУ-ын “Хятадын төмөр замын I групп” компани гүйцэтгэгчээр сонгогдож, барилгын ажлыг өнгөрсөн тавдугаар сараас эхлүүлсэн. Гүйцэтгэгч талаас тухайн эмнэлгийн барилгыг 2026 онд бүрэн дуусгаж, хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаа юм.
Хан-Уул дүүрэгт барьж буй жишиг эмнэлэг нь 300 хүний ортой. Тус эмнэлэгт нийт 600 эмч, эмнэлгийн ажилтан ажиллах бөгөөд эрүүл мэндийн цогц үйлчилгээ үзүүлэх юм. Тухайн эмнэлэг баригдсанаар эрүүл мэндийн цогц үйлчилгээг нэг дор хүргэхээс гадна 600 ажлын байр бий болгох юм байна.